Thursday, November 17, 2011

UNHATE - БҮҮ ҮЗЭН ЯД


Ромын Пап 16-р Бенедикт болон Каирын Аль Азхар сүмийн тэргүүн Шейх Доктор Ахмед Аль Таяеб
Энэхүү зургийг Ватиканаас гаргасан гомдлын дагуу олон нийтийн газар байрлуулахаа больсон


Хэрэв хэн нэгнийг та үзэн ядаж байгаа бол үүнийгээ яг одоо зогсоо. Бүү үзэн яд . Дэлхийн улс гүрнүүдийн удирдагч нарын үнсэлцэж байгаа зураг дэлхийн хэд хэдэн оронд шуугиан тариад амжив. Зураг дээрх зарим нэг удирдагчид үүнд эгдүүцэж өөрийнх нь нүүр орсон тухайн зургийг энд тэнд байрлуулахыг хориглосон байна.
UNHATE гэдэг нь UNITED COLORS OF BENETTON-ий явуулж буй үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааны зорилго нь "Үзэн ядалт хэмээх зүйлийг зайлуулж хүмүүс, шашин болон соёл зэргийг хоорондоо дотно байх"-ыг уриалхад оршиж байгаа юм. 
"Энэхүү үйл ажиллагаа, кампант ажиллагааны ерөнхий сэдэв нь үнсэлт, энэ бол хайр энэрэлийн хамгийн энгийн бөгөөд түгээмэл илэрхийлэл юм" хэмээн Бенеттон хэлэв. 
Бенеттон урд нь "цусанд булхагдсан бөгөөд хүйг нь таслаагүй нярай хүүхэд", "үнсэлцэж буй гэлэнмаа, лам хоёр", "үхэж буй ДОХ-той хүн", "хүний яс барьсан цэрэг" гэх мэт шуугиан тарьсан сурталчилгаануудыг гаргаж байсан.

Sunday, November 6, 2011

хэн нь зохиож зохиодог байна аа?


Ерөнхийлөгч маань төрийн арга хэмжээнүүд дээр архи сархадаар үйлчлэхийг хориглосон. Шинэ  жилээр ардууддаа үг хэлж, баярын мэнд хүргэхдээ ориглуун дарс бус сүү өргөж байсан. Энийг муулж, шоолж байсан хүмүүс цөөнгүй. Саяхан Монгол бизнессменүүдийн хэрхэн амжилтад хүрсэн тухай лекц сонсов. Монфрешийн захирал их сайхан зүйл ярьсан. Энэ бол ЦАГААН ХУВЬСГАЛ гээч зүйлийг хийх. Архи бус сүү гэсэн үг. 


"Архи гээч юмыг хэн нь зохиож, зохиодог байна аа" гэж Шинэ Үеийн хошин шогийн нэг үзүүлбэр дээр гардаг шиг л болж байна даа. Архиний талаар хүмүүс олон юм бичиж, ярьж л байдаг. Яах вэ дээ, би нэгийг нэмчихмээр санагдав.
Энийг уншиж байгаа бол яг одоо өөрөө өөрөөсөө "яагаад архийг бид уудаг юм?" гэж асуу. Яах вэ, зарим нэг нь "хэн нэгэн таалагдсан охиндоо, залуудаа "доги" харагдахыг хүссэндээ", зарим нь "ямар нэг зүйлийг хийх эсвэл хэлэхийг хүссэн болов ч зориг хүрэхгүй байсан учираас" гэх мэт хариултыг хэлж болох л.

Monday, October 31, 2011

урт наслаарай гэдэг нь ерөөл биш хараал болж байх шиг байна...

Ахын маань гэр бүл ээж аав болон эмээгийнхээ хамт амьдардаг. Эмээ нь нас сүүдэр 96 гарч яваа буурал бий. Тэрээр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, анхны багш, ардын болон гавъяат багш Д.Базарын агсны гэргий. Базар багшийн адил Буриад Монгол хүн. Базар багшийн зургийг дээр үед хэвлэгдэн гарч байсан улаан өнгийн хавтастай "Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий Толь"-иос олж үзэж болно. Түүний өөрийн гараараа бичсэн намтарыг хэдэн жилийн өмнө уншиж билээ. Монгол бичгээр маш цэвэрхэн бичсэн байсан санагдана. Ах маань- бүл ах (эгч дүүсийн хүүхдүүд) 6 дугаар анги хүртлээ бүх хичээлээ Монгол бичгээр заалгаж байсан. Тухайн үед ардчилал ялаад Монгол бичигрүү шилжүүлэх гэж үзэж байсан үе. Гэрийн даалгавараа хийгээд сууж байхад нь өвөө нь (Базар багш) " ингэж бичдэггүй юм гэхэд нь өөдөөс нь "үгүй ээ, багш ингэж хэлсэн юм" гээд маргаж байсан, одоо бодохнээ тэнэг байсан байгаа шүү би" гэж ах маань надад нэг удаа хэлж байсан юм.

Wednesday, October 26, 2011

Хөгшин улиас, модон үүр хоёр

Цаг хугацаатай уралдах мэт хүмүүс урд байгаа зүйлээ үл анзааран хаашаа ч юм бүү мэд, нэг л тийшээ яаран явах агаад тэдгээр хүмүүсийн нүүрнээс баяр баясал олж харах нь ховордож. Нүүр тас хийтэл алгадах мэт жавартай салхинд шарлаж гүйцсэн навчис хийсэн одож хөгшин улиас модыг ганцаарангаар нь орхин одно. Хавар, Зун мөн Намарын салхинд шуугиж асан тэрхүү олон навчис ганц нэгээр, хааяа дөрөв таваараа салхитай хамт нисэн одно. Сүүлчийн ганц навчийг авахаар салхи үлээнэ. Үлээх бүрийд тэрхүү навч "ижилдэн дассан нэгнээсээ салахыг үл хүсэх  нэгэн адил чадах ядахаараа тас зуурч, намайг битгий тавиарай" гэж аврал эрж байгаа мэт харагдана. Хэд хэд хүчтээ үлээсний эцэст тэрхүү навч мөчирөөсөө салж хаа нэг тийшээ яван одох бөгөөд хөгшин улиасны ойр хавьд хэсэг хугацаанд анир чимээгүй  ноёлох шиг болов. Навчисаа алдсан мод зарим нэгэнд хөнгөн уйтгар төрүүлнэ.

Шороо тоосонд дарагдсан шувууны модон үүр навчисаа алдсан хөгшин улиас модонд хань болон үлджээ. Хэн болгонд үл анзаарагдам байрлалд хадагдан үлдсэн тэрхүү модон үүр нар салхи, цас бороонд урьдийн сайхан үзэмжээ алдсан хэдий ч хэн нэгэн шувууг өөр дотроо амьдруулж бусдад үл анзаарагдан өдөр хоногийг өнгөрөөнө. Аль нэг жигүүртэнг үл ялгаварлан шөнө оройн хүйтэн жихүүнээс хамгаалахыг оролдох тэрхүү модон үүрийг хүмүүс тэр бүр анзаарч харахгүй. Хөгшин улиас, модон үүр хоёрыг анзаарч харсан ч гэлээ тэдний гүйцэтгэж буй үүргийг хэн болгон ойлгож үнэлэхгүй нь харамсалтай............

Friday, September 23, 2011

шинэ компьютер, сайхан дурсамж сэдрээв

аав нэг өдөр залгаад өнөөдөр гэрээ сайн цэвэрлээд, гэрийн даалгавараа хийгээд онц байж байгаарай. Орой ирээд ярихлээр дүүтэйгээ хамт доошоо буугаад ирээрэй, аав нь даахгүй та хоёр хамт өргөөрэй гэдэг юм байна. Үүнийг сонссон дүү бид хоёр юу юм болдоо гэж бодолд дарагдан ээж аав хоёрын ажил тарахыг хүлээж суулаа. Тухайн үед ПС мода болоод байсан үе, хүүхдүүд нэг нэгээрээ гэртээ өөрийн гэсэн компьютертэй болоод миний бас дүүгийн маань атаархалыг төрүүлсээр байсан бөгөөд ээж аав хоёроос энэ зүйлийг нэхэх болсон юм. Ээж аав бид хоёрт компьютер авсан юм болов уу? гэж дотроо баярлан, нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууж байв. Зургаан цаг ч өнгөрлөө, ээж аав хоёр байдаггүй. Цонхоор ээжийн машиныг ирж үү үгүй юу гэдгийг байн байн харсаар, төстэй машин дөхөн ирэх үед "энэ байна, ирж байна, өө биш байна" гэж баярлан гомдсоор. Долоон цагийн алдад билүү дээ тэр хоёр маань ирж дүүтэйгээ хамт найман давхараас доошоо нэг давхар хүртэл гүйлээ. Аав маань орцны хаалгыг нэг гараараа түшээд хоёр хайрцагтай зүйл хөл гар аль алинаар нь түлхсээр мишээл тодруулан орж ирэв. Хайрцаг дээрх бичиг нь COMPAQ гэсэн байв. Ээж аав хоёр маань дүү бид хоёрт компьютер авсан байлаа. Тухайн үед манай орцны лифт ажилдаггүй байсан тул шатаар дээшээ найман давхарт гарах гэж майлдаг байлаа. Хөөрсөн бид хоёр компьютерээ бушуухан угсрахын түүс болж хар эрчээрээ дээшээ гүйсэнсэн. Орцоор орж ирэхээс авхуулаад бид хоёрыг унтах хүртэл ээж аав хоёрын маань нүүрэнд инээмсэглэл тодорсоор байсан юм. Хоёр хүүгээ баярлаж байгааг хараад тэр шүү дээ. Магадгүй компьютер авах гээд дэлгүүрт зогсож байхдаа эсвэл компьютер авах мөнгөө олсон тэр цагаас хойш хүүхдүүд нь хүссэн зүйлээ аваад баярлах болно хэмээн баяр хөөрөөр дүүрч өдөржин инээмсэглэж явсан байхаа. 
Өнөөдөр манай ажил дээр хэлтэс бүрт хэд хэдэн шинэ компьютер хувиарлан өгсөн юм. Нэг өрөөнд хамт сууж ажилдаг ахын компьютер их хоцрогдсон, бидний хэлдэг шиг гацаатай байсан юм. Түүнд шинэ компьютэр ирээд бид хоёр хайрцгийг нь задлаад угсрах үед нэг өрөөнд суудаг ахыг баярлаж байгааг хараад дээрх дурсамж иргэн ирсэн юм. 
За за ингээд дуусгая. Ээж аав хоёрыгоо саначихлаа бүүр хэхэ. 
Р.Чойномын "Миний шүтээн" шүлэг дээр гардаг шиг "шүтлэгтэн биш гэлээ ч би шүтдэг хоёрхон шүтээнтэй"


Wednesday, August 17, 2011

лаларын архичинд эерэг энерги ч бий

Энерги! Хүний биеэс гарах эерэг ба сөрөг энерги! Энэ талаар өгүүлэх нь олонтаа болжээ. Би ч гэсэн нэгийг өгүүлье үү хэмээн бодов. Найз нөхдөөрөө цуглараад ярьж хөөрж байх үед гаднаас хэн нэгэн орж ирээд тэдний дунд суух үед өнөөх инээд хөөр хором зуур намжиж, нам гүм ноёрхох мэт болдог. Тэр хүнийг гараад явсаны дараагаар нам гүм үгүй болж эргээд инээд хөөр хийгээд чанга дуугаар өнөөх өрөө маань дүүрдэг. Энэ бол эерэг энерги дотор сөрөг энерги орж ирээд нөлөөлж байгаа хэрэг хэмээн ярих нь бий. 
Бас нэгэн тохиолдол. Хүний биеийн гадуур тодорхой өнгө бүхий бүрхүүл байх ба тэр нь юм бүртэй холбогдсон байдаг гэх.

Sunday, July 31, 2011

хутганы ир

Хутга хэмээх хүйтэн зэвсэг, мэс. Монголчуудын дунд хутганы талаар олон яриа хийгээд заншил байдаг. Айлын хутга иргүй, мохсон үед тэр айлыг эр хүнгүй юм хэмээн хэлэх нь бий. Хүнд хутга бэлэглэж болдоггүй гэж ярьдаг. Тэгвээл хутганы ир дээш харан байрласан нь юуг илэрхийлж байгаа юм бол? Газар хутга унах үед Оросууд "эрэгтэй хүн ирэхнээ" хэмээн хэлдэг.