Monday, October 31, 2011

урт наслаарай гэдэг нь ерөөл биш хараал болж байх шиг байна...

Ахын маань гэр бүл ээж аав болон эмээгийнхээ хамт амьдардаг. Эмээ нь нас сүүдэр 96 гарч яваа буурал бий. Тэрээр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, анхны багш, ардын болон гавъяат багш Д.Базарын агсны гэргий. Базар багшийн адил Буриад Монгол хүн. Базар багшийн зургийг дээр үед хэвлэгдэн гарч байсан улаан өнгийн хавтастай "Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий Толь"-иос олж үзэж болно. Түүний өөрийн гараараа бичсэн намтарыг хэдэн жилийн өмнө уншиж билээ. Монгол бичгээр маш цэвэрхэн бичсэн байсан санагдана. Ах маань- бүл ах (эгч дүүсийн хүүхдүүд) 6 дугаар анги хүртлээ бүх хичээлээ Монгол бичгээр заалгаж байсан. Тухайн үед ардчилал ялаад Монгол бичигрүү шилжүүлэх гэж үзэж байсан үе. Гэрийн даалгавараа хийгээд сууж байхад нь өвөө нь (Базар багш) " ингэж бичдэггүй юм гэхэд нь өөдөөс нь "үгүй ээ, багш ингэж хэлсэн юм" гээд маргаж байсан, одоо бодохнээ тэнэг байсан байгаа шүү би" гэж ах маань надад нэг удаа хэлж байсан юм.
Саяхан ахын маань хүүгийн сэвлэг үргээх ёслол болоод хамаатнууд бүгд ахын гэрт цуглав. Би сүүлдэж очив. Хаалгаар орж ирэх үед баяр хөөр болсон хүмүүс инээлдэж, хүүхдүүд энэ тэрүүгээр шуугилдаж гүйгээд сайхан уур амьсгалтай байв. Орж ирээд гадуурхаа өлгөх гээд ханын өрөөрүү явж байхад ахын маань эмээ ямар нэгэн зүйл бодож байгаа бололтой гэмээр тааз ширтэн өрөөндөө ганцаараа хэвтэж байлаа. Цай амсчихаад настантай мэндлээд үнсүүлэв. Бид хоёр эхлээд цаг агаарын талар ярив. Гадаа хүйтэрч байна гэхэд тэрээр надаас халтиргаа их байна уу? гэж асуулаа, дараагаар нь улс орны байдлын таалаар жаал ярьж байтал бид хоёрын яриа нэг мэдэхнээ АМЬДРАЛ хэмээх алдарт сэдэврүү орсон байв. Настангийн хэлсэн үгнээс хамгийн хүндээр туссан нь "эмээ нь ингээд унтарчихмаар л байна шүү" гэдэг өгүүлбэр байлаа. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй хэсэг чимээгүй сууж байтал манай эмээгийн хэлсэн үг толгойд буув. Эмээ маань нэг удаа "урт наслаарай гэдэг чинь ерөөл бус хараал болсон байна даа" гэж хэлж байж билээ. Үр ач нараа тойруулаад амьдарч байгаа хэдий ч амьдралынхаа ханийг алдсан хүн хааяа нэг ганцаарддаг биз ээ. Үүрд хамт байх мэт санаж явсан хүн нь өөрийг нь үлдээгээд, түрүүлээд яваад өгөх юутай гаслантай. Урд өмнө хийж чаддаг байсан зүйлүүдээ бие дааж ганцаар хийж чадахгүй, алхам бүрээ "санаа нь зовсон хүүхдүүддээ" хянуулах болсон хэний ч болов дотор бачуурах биз. Ганцаардсандаа дотор бачимдаад, тэр үед нь нэг чанга орилход дотор онгойх мэт уужираад сайхан болдог юм гэж хэлж байсан хүнтэй ч таарч байлаа. Ганцаардал гээч нь юутай гаслантай.
Өнөөдөр таньдаг ахындаа ороод гарлаа. Аавын минь найз. Эхнэр нь 43хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж. Аав алс холын оронд байгаа учир намайг очоод уулз гэж хэлсэн юм. Тэр ахтай ярьж суухад нүдэнд нь нулимс нь цэлгэнэж байсан юм. Ярих бүрийд хоолой нь зангирч байлаа. Эр хүн юм болсон хойно нулимсаа залгиж, нууж байгаа юм. Харгис гэж хэлмээр хорвоо юм даа. Ганцаардалаас би юунаас ч илүүтэйгээр айнам. Сүүтэй цайгүй цуйван амтгүй мэт санагддагийн адилаар ханиа алдсан нэгэнд амьдрал амтгүй болдог болов уу?




Найз нөхөд, ах дүү, ээж аав байгаа ч гэлээ хүнд ганцаардах тохиолдол хааяа нэг гардаг. Энэ тохиолдолд "чи баян хүн үү?" гэсэн асуулт орж ирнэ. Эд агуурс, алт мөнгө, хангалуун амьдрал мөн анд нөхөд байлаа ч хайрлах, ханилан суух нэгэн үгүй аваас  тэр эд баялагаар ганцаар чи яанам бэ? Амьдралын хань гэдэг угтаан бол чиний баялаг хийгээд баялагийн эх үүсвэр. Түүнийгээ алдвал таны баялаг үлэмж хэмжээгээр багасах болно.

No comments:

Post a Comment