![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjYc9VGiPF5hm6snonUxBWHZIbPfs675PS5ljm7k1IToQwG3pWWC-IPDWBMjiwn2xg-oWynAP5YtWzVcf1xJSerKj5PGh-JEDt8qNo34vsOd7bScMrnEN41RjrwhEfRVdlTlsPQFzPsM6g/s200/double_frost_macro_window_01a.jpg)
Хэдэн хором алхасны дараагаар автобусны буудал дээрээ ирлээ. Олон хүмүүс бужигналдаж амьдрал аль хэдийнээ эхэлсэн байв. Хахир хатуу хүйтэнд даараад унтаж чадаагүй нохос хүмүүсийн урд хойгуур орж давхина, зарим нэг нь машинд дайруулах шахам явна. Хэсэг хүлээсний дараагаар тролейбус ирлээ. Хаалга онгойх үед булган шуба өмссөн ганган кондуктор эгч толгойгоо цухуйлгаан явах чиглэлийг чанга дуугаар орилж гартал гадаа удаан зогсоод даарсан хүмүүс яаран дотогш орцгоов.
Хүйтэн сандал доороос бөгс хайрна, хаалга болоод завсар зайгаар сийгэх жихүүн салхинд нуруу хийгээд нүүр шавхардуулах мэт болно. Доторхи халуун, гадаах хүйтэн хоршиж урлагийн бүтээл мээт хээ угалзаар тролейбусын цонхыг чимсэн байв. Тэр цохисон цан дунд хэн нэг нь цоорхой гаргасан байхыг бодвол буух буудлаа андуурахгүй гэж тэгсэн байх. Тэрхүү цоорхойгоор хажуугаар өнгөрөх автобусын цонхон дээрх байгалийн гараар бүтсэн урлагийн бүтээл харагдах нь намайг сууж явсан унаагаа голох сэтгэгдэл төрүүлнэ.
Мөрлүү хэн нэгэн нудрах үед эргэж хартал өнөөх ганган кондуктор мөнгөө нэхэж байгаа бололтой гараа сарвайлгана. Бээлий дотроо хийсэн мөнгөө гарган өгч хариултаа авах гэж хүлээх үед гар хорсох мэт болно. Мөнгөө далд хийх зуураа тааз өөд ширттэл тус тролейбусын эд энгийг хооронд холбосон төмөр холбоос болон хадаасууд бүгд царцан хөлдөж зайрмагтсан байлаа. Даарсан хүмүүс дуу үл гарган суух атал миний урд суух хүүхэн залуу хоёр энэ хүйтэнг ажирахгүй байгаа бололтой чанга чанга инээлдэж байв.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjnv4L7MQPKMORxoUadVe79-f2-WJGTdDI-ZbsBmUOUrd-m84m8l0hOfXxAdtKLKrDQRnEP4fmyrar9r1gTQY5RrY-utXCnTaQy9ZJT7M5Lv9nVtr_xq2eCGf42Xe7uqLCeqAs8Ne75Df8/s200/3098795518_ed40404bf0.jpg)
No comments:
Post a Comment