Monday, May 16, 2011

ГАДААД БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТАД ЛОББИ НӨЛӨӨЛӨХ НЬ


Улс төрийн шинжлэх ухаан судлаач Дэвид Истон улс төрийг “нийгэмд зориулсан үнэт зүйлсийг захирангуй хуваарилах явц” гэж тодорхойлсон ба энэ нь улс төрийн шийдвэр гаргах үйл явцын мөн чанар юм гэж бичсэн байдаг.”
Олон улсын системд улс гүрнүүд хоорондоо харилцан холбоотой оршин байхын тулд юуг “үндэсний ашиг сонирхол” гэж байгаагаа, мөн өөрсдийн зорилго хийгээд эдийн засаг, цэрэг стратеги болон соёлын хүрээн дэх сонирхолуудаа тодорхойлох ёстой байдаг. Чингэснээр гадаад бодлого боловсруулах үйл явц шулуун хийгээд дардан болдог.
Гадаад бодлого гэдэг нь олон улсын харилцааны хүрээнд үндэсний ашиг сонирхолоо хамгаалахаар, аюулгүй байдлаа хангахаар мөн түүний зорилтуудыг биелүүлэхээр сонгон авсан стратеги гэж хэлж болно. Иймээс аливаа улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал мөн эдгээрийг хамгаалах болон хангах арга зам зэрэг нь ямагт тухайн улсын гадаад бодлогын тэргүүн зорилт байдаг. Үндэсний ашиг сонирхол гэдэг угаас хамгийн чухал зүйл учир засгийн газруудын гадаад бодлого нь дээд түвшний шийдвэр гаргах үйл явцаар тодорхойлогддог. Шийдвэр гаргалт гэдэг нь боломжит хувилбарууд дундаас сонголт хийх явдал юм. Үндэсний улс төрөөс илүүтэйгээр, гадаад бодлогын хувьд хувилбарууд нь ховорхон тохиолдолд тодорхой байдлаар өгөгдсөн байдаг ажээ.[1]
Эрх мэдэл хэмээх нь Парламент дээр тавьсан илтгэлүүд болон хаант төрийн тунхаглалын аль алинаар нь дамжин хэрэгждэггүй, харин засаг захиргааны тогтсон дэг журмаар дамжин хэрэгждэг учраас орчин үеийн улсуудын жинхэнэ удирдагч нь “Төрийн бодлогын ажилтнууд (аливаа төрийн байгууллагын байнгын бүрэлдэхүүн)” гарцаагүйгээр мөн юм[2]” хэмээн Макс Вебэр бичиж байсан бөгөөд аливаа орны улс төрийн систем улам боловсронгуй болох тусам, эдийн засаг нь хүчирхэгжих тусам төрийн захиргааны бүтцүүд  бий болж, тэдгээр нь шийдвэр гаргах үйл явц, үүний үр дүнд шийдвэр хэлбэрээр гарах бүтээгдэхүүнийг тодорхойлох болсон гэж хэлсэн байдаг.
Үүнтэй адилаар АНУ-ын нэрт эрдэмтэн, улс төр судлаач Грахам Эллисон улс төрийн түвшинд шийдвэр хэрхэн гардаг талаар гурван загварыг дэвшүүлсэн байдаг. Тэдгээр дунд Төрийн бодлогын ажилтнууд (аливаа яамны байнгын бүрэлдэхүүн.)-ын загвар гэж байдаг бөгөөд түүгээр улс төрийн түвшинд шийдвэр ийнхүү гардаг аж. “...төрийн байгууллагууд тус тусын зорилгод хүрэхийг эрэлхийлдэг бөгөөд зорилгууд нь хоорондоо зөрчилдөх тохиолдол гарна.” Учир нь тус улсад стратегийн тогтвортой мастер төлөвлөгөө байдаггүйд, байгууллагууд нь улс үндэс, байгууллага, хувийн зорилго, зорилтуудын талаар  тус тусдаа зөрчилдсөн ойлголттой байдагт оршдог ажээ. Ийм тохиолдолд Эллисоны хэлснээр “...төрөл бүрийн байгууллагуудын эрх ашгийг төлөөлсөн янз бүрийн хувь хүмүүс бүлэг хоорондын хүлээн зөвшөөрсөн нэг шийдвэр гаргуулах үйл явцад оролцож эхлэдэг ба гаргасан шийдвэр нь төр засгийн нэгдсэн нэг бодлого юм[3]” гэжээ. Өөр өөр чиглэл рүү тэмүүлж байсан хувь хүмүүс болон бүлэглэлүүд дийлэнх тохиолдолд холимог шийдвэрийг (бүгдийн санааг оруулсан учир) гаргаж, харин гаргасан шийдвэр нь бүлэг бүрийн зорьж байснаас тэс өөр байдаг байна.[4]” Эцсийн үр дүн нь бодлогын талаарх оновчтой үндэслэлээс аль эсвэл байгууллагын тогтсон журмаас бус харин тохиролцогчидын харьцангуй хүч чадал болон ур чадвараас шалтгаалдаг байна.[5]
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди “Эцсийн шийдвэрийн мөн чанар нь ажиглагчидад байтугай зарим тохиолдолд шийдвэр гаргаж буй тухайн хүндээ ойлгошгүй зүйл хэвээр үлддэг. Шийдвэр гаргах үйл явцад үргэлж харанхуй бөгөөд ээдрээтэй орон зай байдаг ба энэ нь анхнаас нь оролцож явсан хүмүүсдээ хүртэл ойлгошгүй зүйл байдаг[6]” хэмээн хэлсэн байдаг.   
Гадаад бодлогыг боловсруулах нь засгийн газрийн тэргүүн болон гадаад хэргийн сайдын үүрэг байдаг ба зарим улсад хууль тогтоох байгууллага нь үлэмж хэмжээгээр хяналт тавьдаг байна. Гэсэн хэдий ч энэхүү үйл явцад засгийн газраас гадна хөндлөнгийн тоглогчид, тодруулбал лобби бүлэглэлүүд оролцдог. Эдгээр лобби бүлэглэлүүд нь ямар нэг үндэстэн дамнасан корпорацийн эрх ашгийн төлөө гадаад бодлого боловсруулах явцад оролцож, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст шахалт үзүүлэх, найр тавих зэргээр нөлөөлж ашигтай шийдвэрүүдийг гаргуулдаг. Ямар нэг улсын засгийн газар өөр улсын засгийн газрыг шууд болон шууд бус байдлаар лоббидон гадаад бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх оролдлогыг хийдэг. Улс гүрэн үндэсний ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхийн тулд олон арга замыг хэрэглэдэгийн нэг нь энэ ажээ. Ийм үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүсийг “Угсаатны сонирхлын бүлэг” ч гэж нэрийддэг. Нэг нь нөгөөдөө нөлөөлөх түвшин нь хүлээн авагч улс болоод тэнд оршиж байгаа үндэсний цөөнхүүдийн хооронд хийгдэж буй мөнгөний урсгал, соёлын үйлдвэрлэл, нийгмийн удирдлага болон дур сонирхолын харилцан уялдаа бүхий чадалтай холбоотой байдаг. “Хүлээн авагч улс нь хараат бус байдлаар өөрийн үндэсний дүр төрх болон үндэсний ашиг сонирхолоо бий болгох чадвартай байдгийн сацуу өөрийн нутгаа орхин ирсэн үндэсний цөөнхүүдийн сонирхолыг хангах мөн хангаж буй дүр үзүүлдэг нь эдгээр цөөнхүүдийн олон улс болон амьдарч буй тухайн нутаг дахь улс төрийн хүчтэй нөлөө хийгээд тэдний үзүүлдэг санхүүгийн тусламж дэмжлэгтэй холбоотой юм[7]”. Иймээс тэдний тусламж, дэмжлэгийг нь олж авахын тулд цөөнх болсон угсаатнуудын (цагаачид) ашиг сонирхолыг боловсруулж буй бодлогодоо тусгах нь зүйтэй юм.
АНУ нь энэ бүгдийн тод жишээ болдог. Харилцан адилгүй, олон тооны сонирхолын бүлэглэлүүд өөрсдийнх нь ашиг сонирхолыг АНУ-ын гадаад бодлого хөндөхвий хэмээн сэтгэл зовнин суудаг. Тэдгээр эрх ашгийг хэдэн зуун байгууллагууд төлөөлөн, онцгой ашгийн төлөө, ард олон нийтийн төлөө түүнчлэн гадаадын төр засаг болон байгууллагуудын төлөө лобби үйл ажиллагаа явуулдаг байна.
“АНУ нь дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа үйл явдалд оролцдог гэж хэлж болно. Тиймээс зарим байгууллагууд нь ашиг сонирхолын үүднээс ямар нэг улсын эсвэл бүс нутгийн талаар АНУ-ын зүгээс баримталж байгаа бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг.[8]” Эдгээр бүлэглэлүүд/байгууллагууд нь АНУ-ын хууль гүйцэтгэх салбарт болон конгресст лобби үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төр засгийн түшмэдүүдэд ард нийтийг захидал бичих явдлыг идэвхижүүлэх мөн тодорхой асуудлууд дээр бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах зэрэг арга замаар конгрессийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн кампанит ажиллагаанд хувь нэмэр оруулан өөрсдийн нөлөөгөө тогтоодог байна. Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа нь эдийн засаг болон улс төрийн чухал нөлөөтэй байдаг. Ихэнхидээ харийн дарангуй төр засгийг түүнчлэн гадаад улс орны дотоод улс төрийн үйл явц дахь америкийн оролцоо зэргийг  шууд болон шууд бус замаар дэмжих зэргээр нөлөөлдөг. Тэд төр засгийн бодлогод нөлөөтэй байдаг мөн өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан бусад улс оронд нөлөөлдөг байна.[9]
Оюу-Толгой болон Тавантолгойгоос байгалийн асар их хэмжээний баялаг илэрсэнтэй холбогдуулан олон улс болоод гадны том корпорациудын анхаарал Монгол Улсруу төвлөрөх болсон. Нөлөөгөө тогтоох гэж оролдох улсууд хоорондын мөн корпорациуд хоорондын эрх ашгийн зөрчилдөөн гарах нь тодорхой бөгөөд өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд Монголын төр засгийн шийдвэрт ямар ч хамаагүй аргаар нөлөөлөх гэж оролдох нь дамжиггүй юм. Иймээс гадаад орнуудас ирэх дарамт шахалтаас гарах арга замыг хайж, өөрийн улсад ашигтай шийдвэр гаргах нь чухал юм.




[1] Dougherty, James& Robert L. Pfaltzgraff, Jr. Contending Theories of International Relations. Fourth edition. 1997. Addison-Wesley Educational Publisher Inc, p. 457.
[2] Weber, Max. Economy and Society: An Outcome of Interpretative Analogy, edited by Guenther Roth and Claus Wittich, Vol. 2. Berkeley: University of California Press.1978, p.1393.
[3] Graham T. Allison. Essence of Decision: Explaining the Cuban Missile Crisis. 1971. Little Brown
[4] Dougherty, James& Robert L. Pfaltzgraff, Jr. Contending Theories of International Relations. Fourth edition. 1997. Addison-Wesley Educational Publisher Inc, p.465
[5] Ibid. Dougherty, James& Robert L. Pfaltzgraff, Jr. p.466
[6] John F. Kennedy. Essence of Decision speech.
[7], Yossi Shain & Tamara Cofman Wittes. Peace as a Three-Level Game: The Role of Diasporas in Conflict Resolution in Thomas Ambrioso. 2002. "Ethnic identity groups and U.S. foreign policy." Praeger Publishers.
[8] Mearshiemer, John& Stephen Walt, Israel Lobby and U.S. Foreign Policy, Farrar, Straus and Giroux. 2007, p 141
[9] Ibid. Brewer, Thomas L & Lorne Teitelbaum, p. 143

No comments:

Post a Comment