аав нэг өдөр залгаад өнөөдөр гэрээ сайн цэвэрлээд, гэрийн даалгавараа хийгээд онц байж байгаарай. Орой ирээд ярихлээр дүүтэйгээ хамт доошоо буугаад ирээрэй, аав нь даахгүй та хоёр хамт өргөөрэй гэдэг юм байна. Үүнийг сонссон дүү бид хоёр юу юм болдоо гэж бодолд дарагдан ээж аав хоёрын ажил тарахыг хүлээж суулаа. Тухайн үед ПС мода болоод байсан үе, хүүхдүүд нэг нэгээрээ гэртээ өөрийн гэсэн компьютертэй болоод миний бас дүүгийн маань атаархалыг төрүүлсээр байсан бөгөөд ээж аав хоёроос энэ зүйлийг нэхэх болсон юм. Ээж аав бид хоёрт компьютер авсан юм болов уу? гэж дотроо баярлан, нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууж байв. Зургаан цаг ч өнгөрлөө, ээж аав хоёр байдаггүй. Цонхоор ээжийн машиныг ирж үү үгүй юу гэдгийг байн байн харсаар, төстэй машин дөхөн ирэх үед "энэ байна, ирж байна, өө биш байна" гэж баярлан гомдсоор. Долоон цагийн алдад билүү дээ тэр хоёр маань ирж дүүтэйгээ хамт найман давхараас доошоо нэг давхар хүртэл гүйлээ. Аав маань орцны хаалгыг нэг гараараа түшээд хоёр хайрцагтай зүйл хөл гар аль алинаар нь түлхсээр мишээл тодруулан орж ирэв. Хайрцаг дээрх бичиг нь COMPAQ гэсэн байв. Ээж аав хоёр маань дүү бид хоёрт компьютер авсан байлаа. Тухайн үед манай орцны лифт ажилдаггүй байсан тул шатаар дээшээ найман давхарт гарах гэж майлдаг байлаа. Хөөрсөн бид хоёр компьютерээ бушуухан угсрахын түүс болж хар эрчээрээ дээшээ гүйсэнсэн. Орцоор орж ирэхээс авхуулаад бид хоёрыг унтах хүртэл ээж аав хоёрын маань нүүрэнд инээмсэглэл тодорсоор байсан юм. Хоёр хүүгээ баярлаж байгааг хараад тэр шүү дээ. Магадгүй компьютер авах гээд дэлгүүрт зогсож байхдаа эсвэл компьютер авах мөнгөө олсон тэр цагаас хойш хүүхдүүд нь хүссэн зүйлээ аваад баярлах болно хэмээн баяр хөөрөөр дүүрч өдөржин инээмсэглэж явсан байхаа.
Өнөөдөр манай ажил дээр хэлтэс бүрт хэд хэдэн шинэ компьютер хувиарлан өгсөн юм. Нэг өрөөнд хамт сууж ажилдаг ахын компьютер их хоцрогдсон, бидний хэлдэг шиг гацаатай байсан юм. Түүнд шинэ компьютэр ирээд бид хоёр хайрцгийг нь задлаад угсрах үед нэг өрөөнд суудаг ахыг баярлаж байгааг хараад дээрх дурсамж иргэн ирсэн юм.
За за ингээд дуусгая. Ээж аав хоёрыгоо саначихлаа бүүр хэхэ.
Р.Чойномын "Миний шүтээн" шүлэг дээр гардаг шиг "шүтлэгтэн биш гэлээ ч би шүтдэг хоёрхон шүтээнтэй"
No comments:
Post a Comment