Tuesday, December 28, 2010

сүү шиг сэтгэлийг эдүүлэгч би

Хүн том болоод эцэг эхийнхээ өөдөөс чанга дуугаар орилж, хуруу гараараа чичлэн зандрах үед эцэг эхэд хэцүү байдаг болов уу? Мэдээж шүү дээ. Төрүүлж өсгөсөн хүү нь өдөөс нь том том дуугарч, аав чинь цохиж авах гэхэд гарыг нь чанга гээч нь барьж аваад цааш түлхэх үед ээж аавын чинь нүдэнд айдас аль эсвэл гомдсон байдал харагдах тэр үед "яах гэж тэгэв" хэмээн харамсах. Өөрийх нь хүүхэд өөдөөс нь босох тэр үед эцэг эх нар маань нас нь яваад хөгширсөндөө гутардаг болов уу, аль эсвэл...

Бид том болсон хэдий ч тэдэндээ үргэлж хүүхдээрээ байдаг. Тэгсэн атал тэр хүүхэд нь архи үнэртүүлэн орж ирэх тэрхэн мөчид эцэг эхийн сэтгэл яаж байгааг бид хэрхэн мэдэх билээ. Монголын Нууц Товчоо дээр өгүүлдэг шиг "...хатан сайхан эхийнхээ сүү шиг сэтгэлийг эдүүлэх..." зүйлийг хийж байгаагаа ойлгох нь үгүй бид.

Өнөөдөр би аавынхаа өдөөс дайрч давшилж, элдэв үгээр хэлж байхдаа нүднээс нь юуг харсан гэж бодно. Хүүхэд загнуулаад түүнийгээ даалгүй уйлж эхлэх үед нүд нь бүлтгэнээд, нулимс нь цэлэлздэг шиг зүйлийг би олж харсан. Ямар аймаар зүйл вэ. Хэнд ч дийлэгдэхгү гэж бодож явдаг аав маань өөдөөс тэгэж харах ахуйд дотор пал хийх шиг болов. яасан ч аймшигтай зүйл хийчих нь энэ вэ??????????????????????????????????????????

Saturday, December 25, 2010

Христмас болон Төрт улс байгуулагдсаны 2200 жилийн ой

Монгол Улс маань ардчилалд шилжсэнээс хойш энд тэндхийн баярыг тэмдэглэх нь олон болжээ. Шүтэж бишрэх нь тухайн хүний эрх. Үүнийг Монгол Улсын Үндсэн Хуульд ч тусгаж өгсөн байдаг. Ямар ч байсан энэ баярыг тэмдэглэдэг та хүмүүстээ Есүс Христосын төрсөн өдрийн мэндийг хүргье. Гадны орнууд тэр тусмаа барууныхан энэ баярт их ач холбогдол өгдөг.  Буддистуудад ч яг иймэрхүү баяр бий. Бурхан Багшийн их дүйчин өдөр. Гэхдээ энэ өдрөөр цор ганц төрсөн өдрийг нь бус гэгээрсэн болон нас барсан өдөр нь давхцдаг.

Thursday, December 16, 2010

Bossa Nova 1

 Энэ босса нова хэмээх хөгжимд сүүлийн жилүүдэд ихээр татагдх боллоо. Сайхан аялгуу энэ тэр гээд л. Хөгжмийн зэмсгүүдийн донжтой хэмнэл гээд л. Манай Монгол Улсад энэхүү Босса Нова төрлөөр тоглодог цөөн хэдэн хамтлаг байдаг байх. Миний мэдэх OCEANS 11 хамтлаг "Great Mongolian Songs" цомогтоо орсон ганц хоёр дууг энэ стилээр дуулсан санагдаж байна. Энэ төрлөөр уран бүтээл туурвидаг хамтлаг аль эсвэл хувь хүн манайд байвал сонсох хүн олон байх байхаа. Хүмүүсийн хэлж буйгаар босса новагийн хөдөлгөөн нь зөвхөн зургаан жил үргэлжилсэн гэдэг. Жазз хөгжмийн урын санд тоймгүй олон дуу нэмэрлэсэн гэдэгт итгэлтэй байна.  Ингээд та бүхэнд босса новагийн талаар өөрийн орчуулсан цөөн хэдэн мэдээллийг хүргэе.

Tuesday, December 14, 2010

аливаа тооны уулзвар мэт - mysterious есийн тоо

Чөмөг царцам мөн нохой гаслаж чадхааргүй их хүйтэн өдөр байлаа өнөөдөр. Хэдэн хором автобус хүлээж хүлээж нэг юманд суув. Кондуктор эгч уламжлал ёсоор надаас 300 төгрөгийн төлбөр авч хариуд нь надад хагас урсан 100 төгрөг гэсэн бичигтэй улаан өнгийн тасалбар өгөв. Түүнийг бариад зогсоод л байлаа. Эхний буудал дээр хэдэн хүүн бууж сандал сулрах үед нэгэн дээр нь очиж суув.

Даарч байсан надад үрэлтийн хүчинд халсан сандал сайхан л санагдлаа. Ууг нь тийм юм дээр суух муу, өмнөх хүнийхээ сөрөг эрч хүч буюу энергийг авдаг юм гэсэн. За тэр ч яахав, зам бөглөрч хэсэг зогсох зуур кондуктор эгчийн өгсөн тасалбарыг сайн гээч нь ажиглаж суув. Тэрхүү тасалбар дээр "халаасны хулгайчаас сэргийлэе" гэсэн санамж байлаа. Тийм жижиг хэмжээгээр бичсэн зүйлийг тэр болгон хүн уншаад байдаггүй байх. Тэр санамжийн дээд талд х4966999 гэсэн тасалбарын дугаар байрлана. Хамгийн түрүүнд сүүлийн гурван 9ийн тоо яагаад ч юм маш танил санагдав.

Sunday, December 12, 2010

Сэтгэл хөдлөлийг харуулах Blackberry Empathy

Өөрийн чинь илгээсэн мессеж аль эсвэл хийж буй дуудлага танд мөн таниас мессеж болон дуудлага авч байгаа хүний сэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх боломж бидэнд тун удахгүй нээлттэй болохнээ. Харж явдаг охинтойгоо аль эсвэл залуутайгаа утсаар ярихад мөн харилцан мессеж солилцоход сэтгэл хэр их хөдөлдөгийг бид мэднэ. Энэхүү боломжийг BLACKBERRY бидэнд олгож байна.

RIM Blackberry-ийн Art Center College of Design-д хэрэгжүүлсэн төсөлд Кики болон Даниель хэмээх дизайнерууд "хүний сэтгэл хөдлөлийг нийгмийн сүлжээ" хэмээх ойлголттой холбодог харилцан үйлчлэлийг хэрэгжүүлэх хэрэгсэл буюу  "Interface"-ийг зохион бүтээхээр ажилласан ба үр дүнд нь Empathy хэмээх төхөөрөмж бий болсон байна. Empathy гэдэг нь "бусдын зовлонг ойлгодог чанар" гэсэн Англи үг юм.

Friday, December 10, 2010

Ерөнхийлөгч тандаа баярллаа.

Цахиагийн хүү Элбэгдорж ерөнхийлөгч болсоноос хойш хийсэн зүйл бол шагналын хурыг маш ихээр буулгасанаас өөр зүйл бараг л хийгээгүй. Цусан гавьяаны одонг Бат-Үүлд өгөөд л, цаазын ялыг байхгүй болгоно энэ тэр гээд л. За за энэ ч яахав. Би түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд иймэрхүү зүйл л хийгээд байхнээ дээ гэж бодож байлаа. Гэтэл энэ зун дадлага хийх хугацаандаа би их сайхан зүйлийг сонсов. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар гадаадруу явж байгаа мөн аливаа удирдах албан тушаалтан өөр нэг удирдах албан тушаалтандаа ноот бичиг зэргийг МОНГОЛ БИЧИГ дээр бичиж илгээх ёстой ажээ. Крилл бичиг дээр биш харин бидний өөрсдийн МОНГОЛ БИЧИГ дээр шүү дээ. Монгол бичгээ төрийн бичиг, улсын албан ёсны бичиг болгох талаар хэдэн жил ярилцав даа? Бараг бүтэхгүйнээ, улс маань цаашдаа үүрд харь үндэстний бичгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх юм байна даа гэж гутарч явлаа. Элбэгдорж гуайн гаргасан энэхүү зарлиг бол зөвхөн эхлэл. Одоо тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын ардууд бид МОНГОЛ БИЧГЭЭ сайн сурах л үлдлээ. Ерөнхийлөгч тандаа баярлалаа. Ард түмний эв нэгдлийн билгэдэл гэдэг чинь одоо л илэрч байна. Танд гүнээ талархаж байна.

Monday, December 6, 2010

шинэ театр болон театрын соёл хэрэгтэй



Жүжиг, дуурь үзэх сайхан. Сайхан сандал дээр суугаад тухтай үзэх бүүр сайхан. Манай улсад сайн сайн жүжигчид байв ч сайн театрууд алга. Нэг газар нь ороод сайхан жүжиг үзэе гэтэл тэрхүү газарт маань агааржуулалт бараг байхгүй гэж хэлж болно, аль эсвэл сандал болон шал дээр нь хог хөглөрдөггүй ч баахан бохь наалдаастай. Гэвч сайн найруулсан жүжиг зэрэг нь энэхүү зүйлийг мартуулдаг ч гэхүү дээ. Гадаадын орнуудад байдаг том том театруудыг зураг болон видео бичлэгүүдээс хархад их гоё байдаг. Барилгын архитектур нь мөн дотоод засал зэрэг нь. Гэрэлтүүлэг нь ярих юмгүй байлгүй дээ. Манай Драмын эрдмийн театрын гэрэлтүүлэг болж байгаа хэдий ч хүн хархад жаахан бүдүүлэг.